/ / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 07 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 07 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА, КРИМИНОЛОГИ СУДАЛГАА

НЭГ. Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар:

 

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2019 оны эхний 07 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 1090 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 409 нэгжээр буюу 27.2 хувиар буурчээ.

Үүнээс: Гэмт хэргийн талаарх 226 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 72 нэгж буюу 24.1 хувиар, зөрчлийн талаарх 864 гомдол мэдээлэл шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 337 нэгжээр буюу 28.0 хувиар тус тус буурсан байна.

            Хүлээн авсан гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

            -   Хүнийг алах гэмт хэргийн гомдол мэдээлэл 3 буюу 0.2 хувь;

-  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 42 буюу 3.8 хувь;

-   Хулгайлах хэргийн гомдол мэдээлэл 99 буюу 9.0 хувь;

-   Малын хулгайн хэргийн гомдол мэдээлэл 8 буюу 0.7 хувь;

-   Залилах хэргийн гомдол мэдээлэл 23 буюу 2.4 хувь;

-   Бусдын эд хөрөнгийг завших гомдол мэдээлэл 31 буюу 2.8 хувь;

-   Хүчиндэх гомдол мэдээлэл 2 буюу 0.18 хувь;

-   Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 273 гомдол мэдээлэл буюу 25.0 хувь;

-   Хүний амь нас хохирсон золгүй учрал 12 буюу 1.1 хувь;

-   Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 20 буюу 1.8 хувь;

-   Бусад гомдол мэдээлэл 574 буюу 52.6 хувийг тус тус эзэлж байна.

 

            Гомдол мэдээллийн шийдвэрлэлт:

Гэмт хэргийн шинжтэй 226 гомдол мэдээллийн 128 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 91 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэн, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад цагдаагийн газар хэлтэст шилжүүлж, 4 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ба зөрчлийн 864 гомдол мэдээллийн 202 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээж, 315 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэн, 337 гомдол мэдээллийг татгалзах саналтай дүүргийн прокурорын газарт хүргүүлэн, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 6 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

 

ХОЁР. Бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн:

 

Багануур дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 218.1 сая төгрөгийн хохиролтой 76 холбогдогчтой, 115 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 41 нэгжээр буюу 26.2 хувиар буурч, үүнээс хөнгөн хэрэг 92 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 35 нэгжээр, хүнд хэрэг 23 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгжээр тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзэн нийт хэрэгт эзлэх хувийг тооцоход:

- 2 буюу 1.7 хувийг хүнийг санаатай алах;

- 1 буюу 0.8 хувийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох;

- 36 буюу 31.3 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах;

- 2 буюу 1.7 хувийг хүчиндэх;

- 30 буюу 26 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах;

- 17 буюу 14.7 хувийг залилан мэхлэх;

- 6 буюу 5.2 хувийг ТХХАБАЖЭ;

- 48 буюу 41.7 хувийг бусад төрлийн гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт 53.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр дээгүүр байгаа ба үүнээс хөнгөн хэргийн илрүүлэлт 54.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.9 пунктээр доогуур, хүнд хэргийн илрүүлэлт 47.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.7 пунктээр дээгүүр байна.  

Гэмт хэргийн улмаас нийт 118 хүн хохирсон үүнээс 10 хүн нас барж, 42 хүн гэмтэж, 66 хүн мөнгө, эд хөрөнгөөрөө хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүн 6 нэгжээр буюу 1.5 дахин өсч, гэмтсэн хүний тоо 23 нэгжээр буюу 35.3 хувиар буурсан, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 120.8 сая төгрөг буюу 55.4 хувийг нөхөн төлүүлжээ. Хохирол нөхөн төлөлтийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 пунктээр дээгүүр байна.

 

Эхний 7 сарын байдлаар 115 гэмт хэрэгт 76 хүн холбогдон шалгагдсаны 56.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 31.5 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 11.8 хувь нь оюутан сурагчдаас холбогдон шалгагдаж, нийт холбогдогчдын 60.5 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 28.9 хувь нь бага болон суурь боловсролтой, 10.5 хувь нь боловсролгүй этгээдүүд байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 50 буюу 43.7 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн бол өмнөх оны мөн үед 73 буюу нийт хэргийн 46.7 хувь нь дээрх газарт үйлдэгдсэн нь тоон үзүүлэлтийн хувьд урд оноос 23 нэгжээр буюу 31.5 хувь, мөн 15 буюу 13.0 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгжээр буюу 25.0 хувиар, 5 буюу 4.3 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 нэгжээр буюу 66.6 хувиар тус тус буусан байна.

Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 31 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 34 нэгжээр буюу 52.3 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 2 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буюу 77.7 хувиар тус тус буурсан бол бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг 12 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 20.0 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 12 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буюу 50.0 хувиар тус тус өссөн байна.

 

                      Гурав. Зөрчлийн талаарх мэдээлэл:

 

 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 13965 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1829 нэгжээр буюу 15.0 хувиар өссөн ба зөрчлийн шийдвэрлэлтийн хувьд 13636 иргэнийг 482658.0 сая төгрөгөөр бэлэн бусаар болон шийтгэлийн хуудсаар торгож, 182 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 109 иргэнийг шүүхээр баривчлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрх хасч торгох шийтгэх 36 нэгжээр буюу 24.6 хувиар, баривчлах шийтгэл 23 нэгжээр буюу 26.7 хувиар, торгуулсан иргэдийн тоо 2009 нэгжээр, торгуулийн хэмжээ 24.9 хувиар тус тус өссөн тоон үзүүлэлттэй байна.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 526 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 280 нэгжээр буюу 34.7 хувиар буурч тэдгээрийн  32 буюу 6.0 хувь нь эмэгтэй хүн байх ба насанд хүрээгүй хүнийг эрүүлжүүлсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

  

ДӨРӨВ. Дүгнэлт:

 

Иргэн хуулийн этгээдээс ирүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 2019 оны эхний 7 сарын байдлаар сар бүр тогтмол 27-32 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнийг дагаад бүртгэгдсэн гэмт хэрэг мөн тогтмол 18-30 хувиар буурч байна.

Бүртгэгдэж байгаа гэмт хэрэг буурах нь дүүрэгт оршин сууж байгаа 28 орчим мянган иргэдийн аюулгүй амгалан тайван байдлын баталгаа нэмэгдэж байгаа ойлголт юм.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн бүтцийн хувьд эрүүгийн хуулийн 10, 11, 17, 27 дугаар бүлэгт багтах гэмт хэргүүд зонхилон, 12, 13, 16, 26 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг 1-2 тус тус бүртгэгдсэн байна. Тухайн онд эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэг гэж хуульчилсан цахим мэдээлэлд хууль бусаар халдах  болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдсэн бол урд онд нэлээдгүй бүртгэгдэж байсан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тухайн онд огт бүртгэгдээгүй байна.   

 

Энэ оны эхний 7 сард бүртгэгдсэн гэмт хэрэг 26.2 хувь буурсан нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 21-47 хувь буурч, нийт гэмт хэргийн гаралт буурахад 100 хувь буюу шууд нөлөөлсөн байна. Энэ нь дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ хангалттай төвшинд хийгдсэнийг харуулж байна.

Бид урьдчилан сэргийлэх олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан гэмт хэргийг тоон үзүүлэлтийн хувьд бууруулсан боловч түүний улмаас учирсан хор хохирлын хэмжээг бууруулж чадаагүй нь гэмт хэргийн улмаас нас барсан иргэдийн тоо 1.5 дахин, иргэдэд учирсан мөнгөн төгрөгийн хохирлын хэмжээ 49.2 хувиар өссөн байдлаар харж болохоор байна.

Өмнөх онтой харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн бүтцэд өөрчлөлт орж байгаа болон хор хохирлын хэмжээ өсөн нэмэгдэж байгаа хэдийн боловч эрх бүхий албан тушаалтнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэдэд нөхөн төлөгдөх бололцоотой хэргийн хохирлыг сайн төлүүлэн ажиллаж байгаа нь хохирол нөхөн төлөлтийн хэмжээ 55.4 болж урд оноос 29.8 пунктээр дээгүүр байгаа нь иргэдийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргэх, гэмт халдлагаас хамгаалах, хор хохирлыг арилгахаар зорин ажиллаж байгаа бидний ажлыг эерэг үр дүн юм.   

 

Эхний 7 сард бүртгэгдсэн согтуугаар үйлдэгдсэн хэрэгт дүн шинжилгээ хийхэд 90.0 хувь нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 10.0 хувь нь хүнийг алах болон дээрэмдэх, бусдын эд хөрөнгө хулгайлах, эд хөрөнгө устгах гэмтээх төрлийн хэрэг байх ба 70 хувь нь гэр орон сууцанд, 30 хувь нь гудамж талбай, ил зогсоол, олон нийтийн газар бүртгэгдсэн байна. Цаг хугацааны хувьд ихэвчлэн шөнийн цагаар байгаа нь ахуйн хүрээнд найз нөхөр, гэр бүлийн гишүүдээрээ архидан согтуурсан байдлаас үүдэн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна. Мөн энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 50 орчим хувь буурсан       эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурсантай шууд холбоотой байна.

 

Гудамж талбайд эхний 7 сард 15  хэрэг бүртгэгдсэний 6 нь гэр хорооллын, 5 нь ил зогсоол болон ил зогсоолоор ашиглагдаж байгаа газар, 4 нь бусад газарт тус тус үйлдэгдсэн байна. Үүнийг нарийвчлан үзэхэд гэр хорооллын гудамжинд архидан согтуурсан этгээд хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж, байшин хорооллын дундах ил зогсоолд тээврийн хэрэгслийн эд анги, хэрэгсэл хулгайд алдагдаж гэмт хэрэг үйлдэгдээд байгаа харуулсан дүр зураг байна.

 

2019 оны эхний 7 сарын байдлаар 115 гэмт хэрэгт 118 иргэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсны 5 нь насанд хүрээгүй хүн байна. 

Насанд хүрээгүй хүн хүчиндэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэхгүй байх, садар самуунд уруу татах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон ба шалтгаан нөхцөлийн хувьд биеэ хамгаалах чадваргүй байдал нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн байна.

 

Насанд хүрсэн 113 хохирогчийн онцлогийн судлан үзэхэд 40 орчим хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд бие хамгаалах чадваргүй болон өөрийн буруутай үйлдлээс гэмт хэргийн хохирогч болсон нь байх ба иргэдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байх үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгчид давуу байдал үүсгэсэн байна.

 

Иймд иргэдэд аливаа гэмт үйлдлээс өөрийгөө болон үр хүүхэд, эд хөрөнгөө хамгаалах талаар нөлөөллийн арга хэмжээг иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна. Тус дүүрэг нь харьцангуй эмх цэгцтэй аливаа ажил арга хэмжээг олон нийтийн болон иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахад бололцоотой байдал ажиглагддаг.

 

Тус дүүргийн хороодод бүртгэгдсэн хэргийн судалгааг гарган урд онтой харьцуулахад дүүргийн хүн хамгийн ихээр төвлөрсөн байдаг 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт хэргийн 68 буюу 60.0 хувь нь бүртгэгдсэн байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3, 4, 5 дугаар хороонд ихэвчлэн бүртгэгдсэн байх ба энэ нь гэр хороололд ахуйн хүрээнд архидан согтуурах явдал бусад хороодтой харьцуулахад их байгааг харуулж байна.

Мөн 1 дүгээр хороонд хулгайлах гэмт хэрэг зонхилон бүртгэгдсэн бол 3 дугаар хороонд залилах хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн байна.

            Дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 55.5 хувь буурсан нь  бусад хороодтой харьцуулахад хэргийн гаралт хамгийн их буурсан хороо байна. Энэ нь тухайн хороонд үйл ажиллагаа явуулж байсан Их суудал нэртэй баар үл ажиллагаагаа зогсоож, тухайн бааранд болон ойр орчимд үйлдэгддэг хэрэг 10 нэгжээр буурсантай холбоотойгоор юм

 2019 оны эхний 7 сард дүүрэгт бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 15 хувь өссөн ба эдгээрийн 97.6 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчих зөрчил байгаа нь дүүргийн төвийн хэсэгт хөдөлгөөнд оролцдог 8000 орчим тээврийн хэрэгсэл болон мянганы зам дагуу зүүн, баруун тийш хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас гаргасан зөрчил байна. Энэ нь замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн аливаа үйлдэл нь зөрчлийн шатанд таслан зогсоогдсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлсэн ажил арга хэмжээ юм.

 

2019 оны эхний 7 сард 526 хүн эрүүлжүүлэгдсэн өмнөх оны мөн үеэс 35 орчим хувиар буурсан тоон үзүүлэлтэд хоёр шалтгаан байж болохоор байна. Үүнд нэгдүгээрт иргэдийн ухамсар нэмэгдэж согтууруулах ундааны хэрэглээг бууруулснаас болон согтууруулах ундаа хэрэглэсэн ч зүй зохистой орчиндоо түгшүүр төрүүлэхгүй хэрэглэж байгаа гэж үзэх бол хоёрдугаарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдэж байгаа этгээдүүдийн 80-90 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд байдгийг судалгаанаас харагддаг тул  зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн этгээд нь зөрчлийн тухай хуулиар 100.000-300.000 орчим төгрөгөөр торгуулдаг тул ар гэр болон хамаарал бүхий этгээд нь торгуулийн мөнгө төлж чадахгүйгээс цагдаагийн байгууллагад хандахгүй, энэ төрлийн зөрчил ахуйн хүрээнд нуугдмал байдалд орсон байж болзошгүй анхаарах хэрэгтэй юм. 

 

Сар бүр бүртгэгдсэн эрүү хэв журмын нөхцөл байдалд тулгуурласан  криминологи  хийж байна. Энэ нь зөвхөн гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлтэд тулгуурласан явцуу судалгаа болж байна. Бидэнд  дээрх мэдээлэлд тулгуурлан нарийвчилсан судалгаа шинжилгээг хийж ач холбогдол мэдээлэл бэлтгэх шаардлагатай байна. Тухайлбал хүүхэд гудамжинд хамгаалалтгүй тоглож болох эсэх, согтууруулах ундаа худалдан борлуулдаг газрын байршил болон цагийн хязгаарлалт ямар байх болон орон байраа хэрхэн баривал хулгайчаас сэргийлэх вэ, согтууруулах ундаа хэрэглэсэн  этгээд гэмт халдлагад өртөхгүй мөн гэмт хэрэг үйлдэхгүй байх боломж юу байгааг судлан нийтэд түгээх юм.  Үүнд хороо хариуцсан цагдаа болон хэрэг, зөрчил шалгаж байгаа эрх бүхий албан тушаалтнаас криминологи судалгааны багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах шаардлагатай юм.      

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна