/ / МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2015  оны  08  сарын  07  өдөр                                                        

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж

2.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1.“галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг;

                         3.1.2.“сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;

                        3.1.3.“байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг;

                         3.1.4.“галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг;

                         3.1.5.“буудлага үйлдэх байгууламж /тир/” гэж галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр спорт-сургалтын дадлага хийх болон энэ хуульд зааснаар ашиглах зориулалтаар тоноглож зассан орчныг;

                                    3.1.6.“хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг” гэж цагдаа, тахар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх байгууллага, эсхүл тагнуулын байгууллагын мөрдөн шалгах, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн эзэмшиж байгаа галт зэвсгийг;

                                    3.1.7.“үйлдвэрийн хийцийг өөрчлөх” гэж галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийг өөрчилснийг;

                                    3.1.8.“сумны зүрхэвч” гэж хуяг нэвтлэх чанарыг сайжруулахын тулд тусгай хайлшаар хийж сумны дотор байрлуулсан хэсгийг.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСГИЙН ТӨРӨЛ

            4 дүгээр зүйл.Галт зэвсгийн төрөл

4.1.Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь доор дурдсанаар ангилна:

4.1.1.иргэний;

4.1.2.харуул хамгаалалтын;

4.1.3.хууль сахиулах албаны;

4.1.4.байлдааны.

            4.2.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

5 дугаар зүйл.Иргэний зориулалттай галт зэвсэг

5.1.Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ.

            5.2.Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

5.3.Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

5.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

5.5.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг цагдаагийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6 дугаар зүйл.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

6.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэнэ.

6.2.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

7 дугаар зүйл.Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг

7.1.Хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.

           

7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль сахиулах  байгууллагын санал болгосноор хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг, сумны төрлийн жагсаалтыг баталж, улсын хилээр оруулах зөвшөөрөл олгоно.

           

7.3.Тусгай ажиллагаанд хэрэглэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна. Тусгай ажиллагаанд зүрхэвчтэй хошуу бүхий сум хэрэглэж болно.

8 дугаар зүйл.Байлдааны зориулалттай галт зэвсэг

8.1.Байлдааны зориулалттай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

8.2.Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, БҮРТГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХЯЗГААРЛАХ

9 дүгээр зүйл.Галт зэвсэг өмчлөх

9.1.Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

9.2.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ.

           

10 дугаар зүйл.Галт зэвсэг эзэмших

10.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчид галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

10.3.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журмыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

10.4.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

10.5.Улс, олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцох буудлагын спортын тамирчинд энэ хуулийн 10.1-д заасан насны хязгаарлалт хамаарахгүй.

           

11 дүгээр зүйл.Галт зэвсэг ашиглах

11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.

11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

11.3.Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, ажиллах журмыг цагдаагийн байгууллагатай хамтран батална.

11.4.Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.

11.5.Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага хийж болно.

11.6.Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.7.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.

11.8.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно.

11.9.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах болон энэ хуулийн 16.6-д заасан төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавих шаардлагыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

12 дугаар зүйл.Галт зэвсэг бүртгүүлэх

           

12.1.Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

                        12.1.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

                        12.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;

                        12.1.3.оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

                        12.1.4.тухайн иргэний гурван хувь цээж зураг;

                        12.1.5.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

                        12.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

                        12.1.7.өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

                        12.1.8.галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;

                        12.1.9.энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан иргэнийг галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг цагдаагийн байгууллага гаргаж, энэ хуулийн 12.1-д заасан баримт бичигт хавсаргана.         

12.3.Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол ажлын арван өдрийн дотор хуулийн этгээдийн оршин байгаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

12.3.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;

12.3.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

                                    12.3.3.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;

                                    12.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

                                    12.3.5.өмчлөх галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт;

                                    12.3.6.галт зэвсэг хадгалах байрын дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;

                                    12.3.7.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

                                    12.3.8.спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

                                    12.3.9.байгаль хамгаалагчийн тухайд ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт;

                                    12.3.10.ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ.

            12.4.Шүүхийн шинжилгээний байгууллага энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан  галт зэвсгээр буудсан сумны хонгио, хошуу тус бүрээс хоёрыг дээж болгон авч, тухайн галт зэвсэг болон түүнийг эзэмшигчийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэн оруулсны дараа цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана.

12.5.Монгол Улсын хилээр нийтэд худалдах зорилгоор оруулсан иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан борлуулахаас өмнө шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэн буудлага үйлдүүлж, сумны хонгио, хошууг нь мэдээллийн нэгдсэн санд авч бүртгүүлэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

12.6.Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрынхаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор бүртгүүлнэ.

12.7.Харьяа сум, дүүрэгт шилжин ирсэн иргэний галт зэвсгийг бүртгэлд авсан талаар тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шилжүүлсэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор мэдэгдэнэ.

12.8.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгийн өмчлөгч өөрчлөгдсөн бол энэ хуульд заасан журмын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулна.

12.9.Цагдаагийн байгууллага нь нийтэд худалдах зорилгоор импортолсон, худалдсан, тээвэрлэсэн болон иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, загвар, тоо  ширхэгийн талаар тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

12.10.Энэ хуулийн 12.9-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг Цагдаагийн албаны тухай хуулийн[2] 29.5-д заасан журмаар зохицуулна.

12.11.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг тухай бүр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

13 дугаар зүйл.Галт зэвсгийн гэрчилгээ

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээ олгоно.

13.2.Галт зэвсгийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

                                    13.2.1.өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн тухайд оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, оршин байгаа газрын хаяг;

                                    13.2.2.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаар;

13.2.3.галт зэвсэг өмчлөх зориулалт;

13.2.4.галт зэвсгийн гол төмрийн голчийн хэмжээ;

13.2.5.галт зэвсгийн сумны төрөл, зориулалт.

13.3.Иргэнд олгох галт зэвсгийн гэрчилгээнд түүний цээж зургийг нааж, тэмдэг дарж, хамтран эзэмших этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгана.

13.4.Галт зэвсгийг хамтран эзэмших этгээд нь энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан байна.

13.5.Галт зэвсгийн гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

14 дүгээр зүйл.Галт зэвсэг хадгалах

14.1.Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.

14.2.Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.

14.3.Иргэн, хуулийн этгээд арав, түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.

14.4.Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

14.5.Энэ хуулийн 16.6-д заасан байгууллага нь буудлага үйлдэх байгууламж /тир/-тай, аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон агуулах, галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байна.

14.6.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сумыг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь харуул хамгаалалттай байна.

15 дугаар зүйл.Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хязгаарлах

15.1.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар болон хот, суурин газарт ашиглахыг хориглоно.

15.2.Галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгүүлсэн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй.

15.3.Энэ хуулийн 11.6-д заасан жагсаалтын дагуу галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогтой иргэн галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

15.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно.

15.5.Энэ хуулийн 5.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд галт зэвсэг өмчлөхийг хориглоно.

15.6.Энэ хуулийн 4.2, 7.2-т заасан жагсаалтад ороогүй галт зэвсэг, энэ хуулийн 5.5-д заасан жагсаалтад ороогүй галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглоно.

15.7.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан галт зэвсэгт дуу намсгах хэрэгсэл, байлдааны зориулалттай шөнийн харааны хэрэгсэл суурилуулах, нийтэд худалдахыг хориглоно.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМЫГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАЖ АВАХ, ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ

16 дугаар зүйл.Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах

16.1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид “борлуулагч” гэх/ нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно.

16.2.Сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож болно.

16.3.Хууль зүйн, спорт, байгаль орчин, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс /цаашид “Комисс” гэх/ сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэнэ.

16.4.Комиссын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

16.5.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажиллуулж байгаа буудлага үйлдэх байгууламж /тир/-д сум худалдаалах, импортлох эрхтэй байна.

16.6.Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв /цаашид “Төв” гэх/ ажиллуулах эрх улсын хэмжээнд гурваас илүүгүй хуулийн этгээдэд олгогдох бөгөөд Төв ажиллуулах эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

16.7.Борлуулагч энэ хуулийн 16.6-д заасан Төвд байрлан галт зэвсэг, сум худалдан борлуулна. Төв нь орон нутагт салбартай байж болно.

16.8.Борлуулагч галт зэвсэг, сум худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлаж авна.

16.9.Тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

16.10.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Төвд эрх олгох, салбар нээх журам, Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.11.Борлуулагч нийтэд худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

17 дугаар зүйл.Галт зэвсэг, сум худалдаж авах

           

17.1.Иргэн, хуулийн этгээд борлуулагчаас галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.

17.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 17.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд иргэний үнэмлэх, энэ хуулийн 11.6-т заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудсыг үндэслэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөл олгоно.

17.3.Борлуулагч энэ хуулийн 17.2-т заасан зөвшөөрлийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг худалдана. 

17.4.Борлуулагч галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн, хуулийн этгээдэд сум худалдах бөгөөд иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан сумны талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ажлын гурван өдрийн дотор хүргүүлнэ.

           

17.5.Борлуулагч галт зэвсэг, сум худалдахдаа галт зэвсгийн тоо, төрөл, марк, дугаарын тэмдэглэл, сумны тоо ширхэг бүхий тодорхойлолтыг олгоно.

17.6.Борлуулагч галт зэвсэг, сумны дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх бөгөөд бүртгэлийн загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

17.7.Иргэн, хуулийн этгээд худалдаж авсан галт зэвсгээ энэ хуулийн 12.1, 12.3-т заасны дагуу бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авна.

18 дугаар зүйл.Галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх

18.1.Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно.

18.2.Галт зэвсгийг худалдан авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.1, 12.3-т заасны дагуу бүртгүүлнэ.

18.3.Иргэн, хуулийн этгээд галт зэвсгийг худалдсан талаар тухайн галт зэвсгийг бүртгэлд авсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор мэдэгдэж, тэмдэглэл хийлгэн бүртгэлээс хасуулна. 

18.4.Галт зэвсэг өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 12.8, 18.1-д заасан журмыг баримтална.

18.5.Иргэн, хуулийн этгээд өөрийн сайн дураар галт зэвсэг, сумыг цагдаагийн байгууллагад шилжүүлж болно.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ

19 дүгээр зүйл.Галт зэвсэг, сум улсын хилээр нэвтрүүлэх

19.1.Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

19.2.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.

19.3.Энэ хуулийн 19.2-т заасан галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгох эсэхийг цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.

19.4.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно.

19.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:

19.6.1.тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө;

19.6.2.галт зэвсэг, сумны тоо ширхэг;

                                    19.6.3.тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт.

19.7.Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана.

20 дугаар зүйл.Спортын тэмцээн, сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

20.1.Галт зэвсэг ашиглах спортын тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна.

            20.2.Энэ хуулийн 20.1-д заасан ан агнах зорилготой гадаадын иргэний галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд эрх бүхий байгууллагаас олгосон ан агнах зөвшөөрлийг үндэслэнэ.

20.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хянан үзэж, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

20.4.Энэ хуулийн 20.1-д заасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан авсан бол энэ хуулийн 9.1 дэх хэсэг, 12, 13 дугаар зүйлд заасан шаардлага, журмын дагуу бүртгүүлнэ.

20.5.Энэ хуулийн 20.3-т заасны дагуу галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудсан дээр тэмдэглэгээ хийж, улсын хилээр буцаан гаргахад зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

20.6.Энэ хуулийн 20.3-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Галт зэвсэг авч явах, тээвэрлэхэд тавих шаардлага

21.1.Иргэн улс, хот хооронд, орон нутагт агаарын хөлөг, хөлөг онгоц, галт тэрэг, бусад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо галт зэвсэг авч явах бол галт зэвсгийг тухайн тээврийн хэрэгслийн дарга, эсхүл жолоочид хадгалуулна.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан тээврийн хэрэгслийн дарга, жолооч нь галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

21.3.Хот, суурин газарт, эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь байлгаж, зориулалтын сав /хайрцаг/-нд хийн аюулгүй байдлыг ханган, галт зэвсгийн гэрчилгээний хамт авч явна.

22 дугаар зүйл.Галт зэвсгийн тооллого

22.1.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна.

22.2.Галт зэвсгийн тооллого явуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23 дугаар зүйл.Галт зэвсэг, сум хураах

23.1.Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:

                                    23.1.1.энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангаагүй, эсхүл энэ хуулийн 11.6-д заасан жагсаалтад заасан өвчин, гэмтэл согогтой хүн галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон бол;

                                    23.1.2.энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон бол;

23.1.3.эрэн сурвалжилж байгаа галт зэвсэг бол;

23.1.4.гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол;

                                    23.1.5.галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийн үйлдвэрийн хийц, зориулалтыг өөрчилсөн бол;

                       

                                    23.1.6.галт зэвсгийг энэ хуульд заасан зориулалтын бусаар болон  хууль бусаар ашигласан бол.

23.2.Галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хураах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

23.3.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.4.Иргэн галт зэвсэг олсон бол түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгнө.

23.5.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

24 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

24.1.Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хуулиар ял оногдуулахааргүй бол цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан дараах шийтгэл оногдуулна:

                                    25.1.1.энэ хуульд заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалттайгаас өөр төрлийн галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа, эсхүл энэ хуульд зааснаас өөр зориулалтаар галт зэвсэг өмчилж байгаа бол иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгож галт зэвсгийг хураах;

                                    25.1.2.сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээд галт зэвсэг олж авсан, эзэмшсэн, ашигласан бол иргэнииг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгож уг галт зэвсгийг хураах;

                                    25.1.3.хуульд заасан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй албан тушаалтныг 80000-120000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

                                    25.1.4.галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

                                    25.1.5.тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан бол  иргэнийг 100000-200000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500000-2500000 төгрөгөөр торгож уг галт зэвсэг, сумыг хураах;

                                    25.1.6.худалдан авагчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хуульд заасны дагуу цахим бүртгэлд хадгалаагүй борлуулагчийг 40000-80000 төгрөгөөр торгох;

                                    25.1.7.галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250000-1000000 төгрөгөөр торгох;

                                    25.1.8.спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журмыг зөрчсөн иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

                                    25.1.9.галт зэвсэг авч явах, тээвэрлэх журмыг зөрчсөн бол иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

                                    25.1.10.галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол иргэнийг 40000-80000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;

                                    25.1.11.хураагдсан галт зэвсэг, сумыг хуульд заасан хугацаанд цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй бол албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгох.

           

            26 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

            26.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан галт зэвсгийн зориулалт энэ хуульд заасны дагуу өөрчлөгдсөн бол тухайн галт зэвсгийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.  

            26.2.Энэ хуулийн 26.1-д заасныг дараах журмаар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна